КОЙКА болон УБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хуралдаж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гаас “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлэхээр болсон билээ.

Үүнтэй холбогдуулан БНСУ-аас КОЙКА-гийн судалгааны баг Улсын бүртгэлийн байгуулагын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн бөгөөд өчигдөр Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сумдад ажилласан бол өнөөдөр /2019.10.09/ нийслэлийн БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс, 8-р хороо болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт ажиллалаа.

Төслийн баг хоёр өдөр аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн судалгаа хийж,  нэгжийн удирдлага болон ажилтнуудтай уулзан тулгамдаж буй бэрхшээл болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 50 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус хэлтэст хэрэглэгдэж байгаа компьютер, бусад техник тоног төхөөрөмж нь 2007, 2009, 2012 оноос хойш ашиглагдаж байгаа ба нийт тоног төхөөрөмжийн 80% нь хуучирч ашиглалтын хугацаа дууссан. Хамгийн сүүлд 2016 онд УБЕГ-аас 5 компьютер, 4 сканнерыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлд зориулж ирүүлснийг ашиглаж байгаа юм байна. Түүнчлэн улсын бүртгэлийн онлайн сүлжээг аймгийн 27 суманд оруулж байгаатай холбогдуулан сумдад ашиглагдаж байгаа компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэн, сайжруулах шаардлагатай гэж Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат танилцуулж байв.

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нийт 59 ажилтантай ба нийслэлийн хамгийн ачаалалтай нэгж юм. Тус хэлтэст ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн дийлэнх нь 10 гаруй жилийн насжилттай ба ажлын нэг өдөрт скайнердах хуудасны тоо нь 429 юм. Иймд тус хэлтсийн тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлага үүсээд байгаа юм гэж БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Заманбек танилцуулгын үеэр дурдаж байлаа.

Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төслийн урьдчилсан судалгаанд үндэслэн төслийн хүрээнд хийгдэх ажлын талаар КОЙКА болон УБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг яг одоо хуралдаж, санал солилцож байна.