Удирдах ажилтны цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө

Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдрийн /2020.04.16/ сургалтаар Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, Санхүү төлөвлөлтийн газрын дарга С.Тэрбиш, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ нар тус тус илтгэлээ хэлэлцүүлэн, мэдээлэл хүргэв.

 Сургалтын эхэнд “Мэдээллийн технологи ба аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл өгсөн бөгөөд уг илтгэлдээ тоон гарын үсгийн хэрэглээ, шаардлага болоод мэдээллийн сүлжээний программ хангамжийн аюулгүй байдалд анхаарах асуудлаар, мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн ажилд анхаарч ажиллах, цаашлаад 2020 онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, мөн өдрөөс өдөрт шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн программын нууцлал, аюулгүй байдалд маш хариуцлагатай хандаж ажиллахыг анхаарууллаа. 

“2020 оны төсөв, цаашид анхаарах асуудал”-аар Санхүү төлөвлөлтийн газрын дарга С.Тэрбиш, 2020 онд хийж хэрэгжүүлэх чухал ажлууд, цаашид анхаарах асуудлын талаар голлон мэдээлэл хүргэв. Тухайлбал, 2020 онд бүх төрлийн танхимын сургалт, семинар, гадаад дотоод томилолт, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлын санхүүжилтийг хойшлуулж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай байгаа зүйлсийн зардалд шилжүүлэн төсөвт зохицуулалт хийхээр ажиллаж байна гэв.     

Үргэлжлүүлэн, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, анхаарах асуудал” сэдвийн дор мэдээлэл хүргэв. Тэрбээр, 2019 онд иргэдээс 1032 өргөдөл гомдол, хууль хяналтын байгууллагаас 102 албан бичиг, дотоод нэгжээс 224 албан бичиг ирснээс нийт 1358 албан бичиг, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн. Мөн УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад хэрэгжүүлж буй ажлуудаас онцлон мэдээлэл хийлээ. 

“Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн”-г Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ тайлагнав. Уг тайлан мэдээнд орон нутаг дахь газар, хэлтсийн сайшаалтай болон хангалтгүй хийгдсэн ажлуудыг аймаг тус бүрээр нь үр дүнгийн үзүүлэлтийг 2015-2019 оны хооронд харьцуулсан хүснэгтээр давхар үзүүллээ.  Энэхүү тайланд хангалтгүй гэсэн үзүүлэлттэй байгаа орон нутгийн газар хэлтсүүд цаашид анхаарч ажиллахыг илтгэлийнхээ явцад анхааруулав.   

Цахим сургалтын төгсгөлд УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалтын дүнд үндсэн 6 зүйл дээр дүгнэлт хийж эдгээр асуудлуудын хүрээнд дор бүрнээ анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн цаашид бүх нэгжээрээ ийм цахим хурлыг өдөр тутамдаа хийж, эргэх холбоотой ажиллахад болохгүй зүйлгүй, цахимаар хуралдах бүрэн боломж байна гэдгийг онцлон тэмдэглэснээр хоёр өдөр үргэлжилсэн Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад 21 аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар болон нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын удирдлагууд оролцов.