Р.Содхүү: Гадаад паспорт олгох нь аюулгүй байдалтай холбоотой учраас өдөрт нь гаргах боломжгүй PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 3-р сарын 28, Лхагва гариг, 15:33

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцсэн боловч буцаасан. Ямар шалтгаанаар буцаасан бэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2009 онд батлагдаж байсан. Уг хуульд гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр есөн зүйл, заалтад өөрчлөлт оруулж байсан.

Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа, хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар бүтэн өдөр хэлэлцэж, олон талаас нь шүүн ярьж, УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийнхэн хуулийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзээд буцаасан. Энэ хугацаанд хуулийн төслөө илүү боловсронгуй болгох, олон улсын төвшинд хүргэж боловсруулах боломж олголоо. Ялангуяа энэ ажлыг хийж гүйцэтгэдэг бүртгэлийн ажилтнуудад ямар зовлон бэрхшээл учирдаг вэ гэдгийг манай газрын дарга нар, байцаагч, бүртгэгч нарын саналыг сонсон, хуулийн төсөлд тусгах боломжтой болсон.
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдэд учирдаг явдал, чирэгдлийг бууруулах ямар зүйл заалт туссан бэ?
-Манай дээр үндэсний хэмжээний мэдээллийн сан байдаг. Мэдээллийн санд цахим болон цаасан эх нотлох баримт бий. Энэ мэдээллийн сан Монголд хамгийн их буюу өргөн мэдээллийг агуулж байна. Энэ суурь мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үнэн зөв болгох, хэрэглээнд гаргах зорилт тавьж байна. Ингэснээр төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, лавлагаа мэдээллийг цахимаар өгөх, хаягийн асуудлыг илүү боловсронгуй болох юм. Үндэсний Дата төв дээрээ бүх мэдээллийг байршуулна. Бусад байгууллагууд нь тэндээс иргэдийг явуулахгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болно.
-Цахим үнэмлэхтэй болоод удаж байгаа ч ашиглахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Хуулийн төсөлд цахим үнэмлэхээ хэрхэн ашиглах талаар тусгасан уу?
-Иргэний үнэмлэхийн чиптэй, санах ойн дээр тухайн иргэний мэдээллийг суурилуулсан байдаг. Иргэний үнэмлэх дээр тухайн иргэний хаягийн мэдээлэл, тоон гарын үсгийг байршуулна. Ингэснээр цахим иргэний үнэмлэхийг бүрэн утгаар ашиглах боломжтой болж байгаа юм. Холбогдох техникийн ажлыг энэ оны сүүлээр хийж дуусна. Нэг жишээ дурдахад, иргэн цалингийн зээл авахаар очлоо гэж бодъё. Тэгэхэд тухайн иргэний хувийн мэдээлэл болон хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээллийг өөрийг нь явуулахгүйгээр манай байгууллагатай холбогдож, манай мэдээллийн сангаас авах боломжтой болох юм. Мөн газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтраад орон даяар шинэчилсэн хаягийг бий болгож байгаа. Тэгэхээр иргэн, хуулийн этгээдийн хаягийг олон улсын стандартад тохируулж, шинэчилсэн байдлаар бүртгэлдээ оруулахаар ярьж байна.
-Хэзээнээс иргэд энэ үйлчилгээг ашиглах боломжтой болох вэ?
-Эхний ээлжинд хөтөлбөрөө батлуулах хэрэгтэй байна. Бэлтгэл бүх ажлыг өнөөдрийг хүртэл хийсээр байгаа. Тодруулбал, тоон гарын үсгээ зурах асуудлаа шийдчихсэн. Үндэсний Дата төв дээр байрлаж байгаа манай лавлагааны нөөц сервер дээр иргэдийн хаягийн мэдээллийг өгөхөд бэлэн болгон байрлуулсан. Харин банкинд ч гэдэг юм уу, хувийн байгууллагуудад тэр мэдээллийг хэрэглүүлэх асуудлыг хууль эрх зүйн төвшинд ярьж байна. 
-Оюуны өмч, бүртгэл хоёроо салгахаар хуульд тусгасан гэсэн мэдээлэл байна. Эргээд оюуны өмч, бүртгэл хоёроо салгана гэсэн үг үү?
-Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг нэгтгэсэн. Гэхдээ оюуны өмч өөрөө мөн бүртгэл байгаа. Оюуны өмчийн бүртгэлийн бүх хууль гарсан. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн онцгой эрхийн хууль, Патентын хууль, Тусгай загварын хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хууль гээд холбогдох хуулиуд нь батлагдчихсан. Оюуны өмч, улсын бүртгэлийг салгах УИХ-ын шийдвэр гарвал Оюуны өмчийн тусдаа бие даасан байгууллага болоа байх. Ер нь оюуны өмчийн бүртгэл бол иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлээс жаахан ялгаатай. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн бүртгэл бол биет бус хөрөнгийн бүртгэл.
-Бүртгэлийн байгууллагын ачаалал маш их байна. Хуулийн заалтаас болж байна уу, зохион байгуулалтаас болж ачаалал буурахгүй байна уу.  Үүнийг зохицуулах боломж байдаггүй юм уу?
-Улсын бүртгэлийн байгууллага дээр 500 хүн дугаарлаад дөрвөн цагийн дараа үйлчилгээгээ авдаг. Гэтэл арилжааны банкууд дээр өдөржингөө дугаарлачихаад хэл ам гаргадаггүй. Төрийн байгууллага бол нэг талаараа маш их хариуцлагатай. Жишээлбэл, гадаад паспорт гаргахад хурдан шуурхай үйлчилж байна гээд алдаа гаргаж болохгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн хүнд, шалгахгүйгээр паспорт гаргаад өгчихвөл яах вэ. Паспорт авахаар хүссэн иргэний мэдээллийг хоёр хоногийн хугацаанд тагнуул, аюулгүй байдлын байгууллагууд нэлээд нарийн судлаж, шалгадаг. Аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр жаахан хүнд суртал байх ёстой. АНУ гадаад иргэний паспортыг 56 хоногийн дотор гаргаж өгдөг. Гэтэл манайх яаралтайг гурав, энгийнийг долоо хоногийн дотор гаргаж өгч  байна шүү дээ.
-Энэ онд техник, зохион байгуулалтын ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Тагнуулын ерөнхий газар, “Дата” төв зэрэг холбогдох байгууллагатай хамтран үнэлгээ хийсний үр дүнд Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өнгөрсөн онд маш олон ажлыг амжууллаа. Энэ онд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж өгсөн. Үүгээр бид найман серверээ шинэчилнэ. Энэ бүхний үр дүнд бүртгэл, мэдээллийн ажил илүү түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй явах боломж улам л нэмэгдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй улсын хэмжээний өргөн далайцтай ажил.

ЭХ СУРВАЛЖ

 

Санал асуулга

Гадаад паспортыг ШИНЭЭР АВАХ үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд үзүүлж байгаа нь