“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан он солигдох мөчид нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүдээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар бид улсынхаа нийслэлийн төв талбайд хуран цуглаад байна. Улиран одож байгаа 2019 он нийслэлийн иргэд та бидний хувьд ажил, амьдрал урагшилсан, амжилт бүтээлээр дүүрэн, бүтээн байгуулалт ундарсан, Улсын нийслэлийн түүхт 380 жилийн ой тохиосон өрнүүн сайхан жил байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч чадлаа. Олон жил хүлээгдсэн Налайх-Чойрын 20.9 км замыг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Мөн Улаанбаатар хотын бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлуудыг хангасан ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа гэж дүгнэж байна. Айлчлан ирж байгаа 2020 оноо та бүхэнтэйгээ угтаж байгаадаа нийслэлийн удирдлагууд бид баяртай байна. Ирж байгаа ондоо та бид хамтын хүчээр олон ажлуудыг амжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо эрүүл энх, энх тунх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг төв талбайдаа өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв.

Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм.

Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ жилийн баярын цэнгүүнийг үзэж, сонирхон төв талбайдаа 2020 оноо угтахаар иргэд, олон нийт урд өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү олноор цугласан байсан нь өнөөдрийн цэнгүүний нэг гол онцлог байв.

Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж, Нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс