Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүй, дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг УБЕГ-ын Тамгын газрын байранд 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалт Улсын бүртгэлийн ерөнхий газрын "Байгууллагын үйлчилгээний стандарт"-ын хэрэгжилтийг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх үндсэн ойлголт өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүйг олгох, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болгох хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

 

Сургалтыг дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр, туслах багшийн хамт хичээл зааж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, сонсголын бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүйн онцлог, дохионы хэлний үүсэл гарал, хурууны хөдөлгөөн, үндсэн байрлал болон практик хичээл багтсан ба УБЕГ-ын Тамгын газар, Иргэний улсын бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн нэгдсэн архив, Хяналт шалгалтын газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв /"Мишээл", "Драгон", "Оргил"/ болон нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын улсын ахлах байцаагч болон улсын ахлах бүртгэгч нарын 20 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар 1998 оноос Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэж байна.