Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН НЭМЭГДЭНЭ

Ази, Номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай хамтран дөрвөн жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг уламжлалтай.

Анхны конгресс 2008 онд Тайландын Бангкокт, удаах нь “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор 2011 онд Филиппиний Манила хотод,  гурав дахь нь “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор 2015 онд Японы нийслэл Токио хотод болсон.

Энэхүү конгрессыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Хараагүйчүүдийн холбооны Тэргүүн Д.Гэрэлээс дараах тодруулгыг авлаа.

– IV конгрессыг анх удаа манай улс зохион байгуулах гэж байна. Хурлын үндсэн чиглэл юунд зорьж байна вэ?

– Дөрвөн жилд нэг удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг уг конгрессыг манай улс анх удаа өөрийн оронд зохион байгуулах гэж буй нь өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. Энэ удаагийн хурлын үндсэн чиглэл нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-д илүү анхаарал хандуулж байгаа бөгөөд “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” гэсэн сэдвийн дор явуулахаар болсон.

– Бусад улс оронд болсон хурлаас энэ удаагийн хурал юугаараа онцлог вэ?

– Өмнөх жилүүдэд болж байсан хурлууд ихэвчлэн тухайн улс орны төрийн бус байгууллагын чанаачлагаар зохион байгуулагдсан байдаг. Харин манай улсын туайд Засгийн газраас санаачлан зохион байгуулагчаар ажиллаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр засгаас онцгой анхаарч, IV конгрессд өндөр ач холбогдол өгч оролцож байгаагаар онцлогтой юм.

– Хуралд хичнээн улс орны төлөөлөл оролцох вэ?

– Одоогийн байдлаар уг хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 гаруй, Монголоос 400 орчим хүнийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Оролцогчдын 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх бөгөөд тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байгаа.

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд хэрхэн ажиллах вэ?

– Бодит үнэн бол манай Улаанбаатар хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тийм ч ээлтэй биш. Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд 10 байршилд нийт 150 замын гарцыг налуу болгон өөрчилж, 2967 ам метр явган хүний замыг засч сайжруулах, 11800 м хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийх, зарим уулзвар гарцанд дуут дохио байрлуулах, явган хүний гарцыг гэрлэн дохиотой  болгох зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тодорхой ажлууд хийгдэх юм. Мөн нийтийн тээврийн 50 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж суухад хүндрэлгүй байхаар шинээр тоноглосон. Хэдийгээр энэ бүхэн Конгресст зориулан хийж буй ч цаашдаа нийслэл хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох ажлын эхлэл гэж ойлгож болно.

– Монгол улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг вэ?

– Нийт 19000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон мэдээлэл байдаг. Үүнийг бусад улс оронтой харьцуулахад хамаагүй бага үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг шууд ажилд авна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. учир  нь хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.  Үнэхээр ажиллах боломжтой, өөрт болон бусдад хүндрэл үүсгэхээргүй иргэдийн хувьд ганц нэг гэлтгүй ажилтай болсон, маш сайн ажиллаж байгаа гэсэн сүүлийн үеийн мэдээллийг хэлж болно.

– Хуралд манай улсаас оролцох төлөөлөгч нарын тухайд?

– Манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж 400 гаруй хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа. Нэгэнт олон улсын хэмжээний хурал өөрийн оронд болж байгаа энэ цаг мөчийг ашиглан бид дэлхийн хэмжээний мэргэжлийн байгууллагуудад бодит нөхцөл байдлыг ойлгуулж, түүнийг хэрхэн сайжруулах, зөвхөн яриа болоод өнгөрөх биш үүний дараа тодорхой үр дүн, өөрчлөлтүүд гараасай гэж хүсэж байгаа. Иймд төлөөлөл болон оролцох оролцогч нар өөрсдийн дуу хоолойгоо маш сайн илэрхийлэх нь чухал гэдгийг хэлмээр байна.