СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ № 3

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ  ХУУЛИАС: 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ

62 дугаар зүйл.Санал авах байр, хугацаа

62.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

62.2.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй:

62.2.1.санал авах байр;

62.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

62.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх         

сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

62.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

62.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх  дэлгэц;

62.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

62.3.Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна.

62.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

62.5.Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.

62.6.Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.

62.7.Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

63 дугаар зүйл. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа                                                

63.1.Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

63.1.1.эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;

63.1.2.Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;

63.1.3.зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;

63.1.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;

63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ:

63.2.1.эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд;

63.2.2.бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд.

63.3.Энэ хуулийн 63.1.1-д заасан сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

63.4.Энэ хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

63.5.Сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.

63.6.Хэсгийн хороо болон хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч дараах ажиллагааг хийнэ:

63.6.1.тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;

63.6.2.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогч биш бол харьяалах хэсгийн хороонд нь мэдэгдэж хасалт хийлгэх;

63.6.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах.

63.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин байгаа газарт нь очиж авна.

63.8.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

63.9.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно.

63.10.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах  этгээд байхыг зөвшөөрнө:

63.10.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн;

63.10.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн;

63.10.3.ажиглагч;

63.10.4.хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч.    


Print   Email